Tsengel
8 min readNov 22, 2020

ЦАС ОРЖ, ГОЛ МӨРӨН ХӨЛДӨӨД, ЦАН ХҮҮРЭГ ТАЧИГНАСАН ЦАГААХАН ӨВЛӨӨР ХАЙРХАНДАА ОЧНО ОО…

Байгаль дэлхийн өнгө, үзэсгэлэн гэж барагдашгүй ээ

Уулын спортын босго уул гэгдэх Асралт хайрхан минь амьдралын минь амттайхан босго, даваанд хүч нэмэх эхлэл болсон гэж боддог. Амьдралд маш олон гайхалтай дурсамж, алдаа оноогоо дэнслэх ухаан, аз жаргал, алдаж боломгүй анд нөхөд, алдаагаа амжилт болгоход амсах мэдрэмжийг надад өгч, айж эмээж байсан эхлэлийг зоригтойгоор эхлүүлэхэд амсах аз жаргал ар араасаа цувардгийг мэдрүүлсэн. Айхтар юм бэ гэж бодож байвал алгасаарай намайг :)

Mountain calling гэдэг зүгээр ч нэг үг биш шиг, бид уулстайгаа ярилцаж, хүндэлж, хайрлаж, хүрч боломгүй оргилыг нь хүрэн зүрхэндээ тээн, тэднийг хүрээд ир гэхийг хүслээрээ, зөн совингоороо мэдэрдэг шиг.

Best crew, ever

Уулын спорт сонирхогч болсныхоо хувьд өндөр ууланд Ж.Ганбаяр гэх уулын хөтөч залуугаар удирдуулаад явахдаа юунд ч санаа зовдоггүй, угаас түүнд уулыг мэдрэх, удирдах чадвар, туршлага, тууштай зүтгэх зориг байгаа гэдэгт итгэдэг. Баярламаар зүйл нь бүр нэг эрч хүч, инээд хөөр, элгэмсэг дотно багтай болсондоо баярлаж байгаа. Хаанаас ч юм бэ харилцан яриан дунд хүч түрэн, хэчнээн цаг инээлгэсэн ХАВХ гэдэг үгээр багаа нэрлэчихсэн, хагас галзуу хүмүүс бий. Би гэхдээ тэдэнд маш хайртай кк хүн чанар, хүний сайхан сэтгэл, хэмжээлшгүй их зориг, хүсэл мөрөөдөл, тэвчээр тэдэнд бий…

Ууланд, урт холын аялалд хэн нь хэн бэ гэдэг нь угаас амархан танигдчихдагт талархмаар. Тэнд бас таны хэн байх огт хамаагүй, хийдэг ажил, хэргэм зэрэг хэнд ч сонирхолгүй, хүрэх зорилгод хүчээ нэгтгэсэн “ХҮН” байхад л хангалттай :) Бэлтгэлийг дутуу хийж яагаад ч болохгүй. Брендсэг гэж ярьдаг л зарим хүмүүс, байгаль дэлхий аашаа харуулаад амь өрсөн тэмүүлэх үед тэр хэдэн брендын хувцас л биднийг бага ч болтугай хамгаална…Бас ямар ч үнэтэй эд хэрэгсэл байлаа ч байгалийн сүр хүчнээс хариугүй өчүүхэн амиа хамгаалахад хямдхан нь дэндүү хэрэгсэл болчихно….

Халуун зунаар, ХҮЙТЭН оргил өөд өгсөж явна аа…авиралт амаргүй ээ, алхам бүрээ л хянах, хариуцлагатай байх!

Энэ мөчийг дурсах би үнэхээр дуртай яагаад гэвэл эндээс л, хэнэг ч гүй хөдөө хээр талдаа, хэдэн хонио хараад, хэвтэж байхаас эхэлсэн. Хаяагаар салхи сэвэлзсэн зуны нарлаг бас намуухан тайван тийм нэг үеэс…Амралтаараа ахындаа туслах гэж очоод амарч хэвтэж байхдаа, аргаа баран дүүгийнхээ долоо билүү наймдугаар ангийн сурах бичгийг унших явцдаа урамтай сайхан тэмдэглэлийг олоод уншчихлаа. “Асралт хайрханд авирсан тэмдэглэл” / тэр тэмдэглэлийг одоо ч би хадгалдаг. Учир нь тэр үед тийшээ зорих хүсэл, сонирхол хичнээн оргилов оо. АВИРАЛТ гэдэг амандаа хэлж байгаагүй үг кк хүсэл байвч эргэлзэж, авиралт гэдэг айхтар эрсдэлтэй зүйлээс эмээсэн ч ахдаа уншуулаад бодлыг нь сонсох сонирхолтой байлаа. Энэ хайрханд авирч үзэх юмсан, тэндээс тэр тансаг байгалийг нь харахсан, гоё байхдаа гэхэд гоё байлгүй яахав гэж итгэл, урам төрүүлсэн хүн.

Эмэгтэй хүнд ахадсан энэ экстрим спортыг эрэгтэйчүүд маань их дэмждэг нь сонин. Анх ахын маань хэнэг ч үгүй хэлсэн хэдэн үг нь хэт их итгэл төрүүлж байсныг мэдэх ч үгүй байгаа байх, бас том ах маань авиралт, аялал, аян замын сонин дуулах их дуртай, авиралтад явах бүрдээ ааваараа хүргүүлж, үнсүүлээд явдаг. Бас намайг дэмжиж ойлгодог, дэндүү багахан амжилтад минь бахархаж хүндэлдэг, та чадна хүсч байвал хүрэх гэж хичээгээд л үз гэдэг хөөрхөн дүүтэй хүн ээ би, Хүйтэн оргилын хариуцлагатай авиралт хийх хүртэл шруфдсэн хүндээ кк Гэрэлцолмон Зулаа.

Аймар хадуурч байна аа, уучлаарай :) Анх 17 онд нэгэн хэвийн ажил, аа бас тухайн үедээ тэгтэл ачааллуулж чадсан магистрын ажил, бэлдээд л байдаг ахиц дэвшилгүй англи хэл, багахан олдох чөлөөт цагаас уйдсандаа бүр нэг сонирхолтой зүйл хиймээр санагдаад айдсаа авдрандаа хийн Асралт хайрхан аа зорилоо. Ядаж байхад хүслээ л цүнхээ үүрээд гарчихдаг хүмүүсээс шал өөр, бүх зүйлийг дэс дараатай, бүрэн бэлтгэлтэй болсныхоо дараа хийдэг хүн чинь, хүсэл байвч зориг хүрэхгүй л байв. Тэгтэл найз маань намайг яваач ээ чи чадна ш дээ гэж урам нэмж, чамайг явбал би явна гэж хошигнох хоёрын хооронд хэлсэн найз минь шинэ жилийнхээ үдэшлэгээс костюмтайгаа хүрээд ирэх нь тэр…Хүнийхэрлгүй бас энд суугаарай тохитой байдаг юм гээд суудал зааж өгөөд үлддэг, бүр хоёр гурван жил гаргаж өгчхөөд л үлдчихдэг найз байна… хэчнээн дагуулж явах гээд чаддаггүй юм даг кк Харж бна уу өөрийгөө :)

Энэ цаг мөч дахин хэцээ ч давтагдахгйү

За аян замдаа гарлаа, авиралт гэдэг аяныг эхлүүллээ, нэгэнт буцах замгүй тул явж үзээгүй замыг, ямар тансаг байгальд очихоо мэдэхгүй ямар ч л байсан их л жаргалтай явцгаалаа. Шөнөөр явсаар байгаад өвлийн хүйтэн нь дэндүү, өвдөгөөр татсан цастай, өтгөн шигүү ойн чөлөөнд очоод үүр цайхыг хүлээн бэлтгэлээ базаалаа, хэчнээн тансаг гээч тэр модод, тэнгэрт түгэх одод, тийм нэг сэрүүн тунгалаг, сэнгэнэсэн хүйтэн агаар салхи…

Би цэнхэр куртик, нэг их таалагдаад байдаггүй шар тимберландаа өмсөж явсан тул сүртэй бэлдэх юм байсангүй шил, малгай, түрий гэх багахан хэдэн зүйлсээ баглаад өөрийгөө бөндийтөл дулаалчихлаа. Бусад маань харин тэрүүхэн тэндээ түнтэгнээд бэлдэж өгч байна аа J би тийм завтай байгаагаасаа бага зэрэг эмээж нтр кк

Бидний авиралт эхэллээдээ өтгөн сайхан ойн дундуур явсаар үүр цайхтай зэрэгцэн модноос гарч явсан бидний эхний өгсүүр эхлэхэд л нүүр нүдгүй цасан шуурга нүдээд эхэллээ…хацраа хөлдөөчихгүйн тулд хөлдүү мөс цасаар хацраа үрж байсныг харсан найз маань дооглон ярьдаг кк эрсдэлээс сэргийлж байхгүй юу уг нь. Айхтар өгсөөд байдаг, ардах хүмүүс маань хэдхэн алхам холдчих юм бол харагдахгүй болчих гээд байдаг, бусдаасаа төөрчихгүйн тулд байдгаараа л анхаарал болгоомжтой явж байтал ахлагч маань буцах шийдвэр гаргалаа…

Нөгөө хүсч тэмүүлсэн оргилд хүрэх боломжгүй гэнэ, урамгүйхэн буцаж явахад “Уул нүүхгүй” гэх үг ч урмыг минь өөд нь татсангүй, өнөөх сүртэй том цасны шилнийхээ ард нүдэндээ нулимс мэлтэлзүүлсэн байх өө бараг кк анхны авиралт арай л экстрим эхэлчихсэн. Авиралт амжилтгүй болж буцаж явахдаа төөрчихсөн, төлөвлөснөөс 30 гаруй км илүү явсан гэсэн байх аа кк тэгэхдээ тэр төөрөлт бидний заримыг уурлуулж, заримд нь байгалийн сайхныг бүрэн утгаар нь мэдрэх, боломжийг өгсөн юм. Өвдөгөөр татсан хөр цас, хөл доор тээглэх том чулуунууд, өнөөх л ард үлдчихээд өлсөж, ядарсандаа ахархаад байсан нөхөдөө өнөөдөр дурсахад дэндүү сайхан, өдөр болгон бид тэгж явж чадах биш…

За үүнээс хойших авиралт бүр амжилттай, аз жаргалтай…Асралт хайрхандаа гарчихаад ингээд л буучхаар урамгүй санагдах үед Теришкова оргил руу гаръя гэхэд үнэхээр сайхан санагдаж билээ. Хүсч байсан мэдрэмжийг тэндээс авч, үүл манан дунд зогсох, үгээр хэлшгүй үзэсгэлэнт тэр тайгыг өндөрөөс харан зогсох, хайрхан маань хойно ханхайн байгааг, хааяахан бас өөрийгөө нуухыг, өөрчлөгдөж тэргүүнээ харуулахыг харах үнэхээр гоё мэдрэмж, буухдаа бүр супер гулгасаар байгаад л, өвлийг үнэн утгаар нь мэдэрсэн. Хотод цас багатай байсандаа…

Ингээд 3 жил дараалан Асралт хайрхандаа гарсан хүн энэ жил дахиад явмаар санагдаад болдоггүй ээ. Мартын 8-ны бэлэг болгоод өөрөө өөрийгөө дахин явахыг зөвшөөрчихлөө кк дахиж явлаа гэвэл ээжээс эхлээд гэрийнхэн гайхаж, эсэргүүцэх нь тодорхой тул яг явахынхаа өмнөхөн эвтэйхэн хэлчихлээ. Яалт ч гүй зөвшөөрөхөөс өөр аргагүй…Дотроо бол энэ жил төлөвлөсөн авиралтуудаа хийх эсэхдээ эргэлзээд явсан нь тэр тэгтэл хайрхан маань налгар сайхан хүлээн авлаа. Хаврын тэнгэр аашаа гаргах байхдаа гэтэл, харин ч намрын налгар өдөр шиг, ямар ч салхи шуурга байхгүй намуухан угтсан нь урам өгсөн, одоо л өндөр оргилд хүч сорьж чадах юм шиг санагдаад эхэлсэн.

Энэ удаад би найзыгаа дагуулж, найзынхаа хувьд нэг ч гэсэн шинэ алхмыг хамтдаа бүтээж, хийж үзээгүй дурсамжид нь хамт байхыг хүссэн тул хамтдаа явахаар шийдээд явлаа. Хамт явсандаа найз маань хачин их баярлаж, харин би найзыгаа өөрийгөө дайчилж, тэмцэж байгааг хараад түүнээс суралцаж л явлаа…

Би учирч болох эрсдэлийг боддогтоо тэр үү ууланд хүнийг уруу татах дургүй, бас энэ уул гэдэг эмэгтэй хүнд ахадмаар тул ээж болтлоо харамсах зүйлгүй, хүссэнээрээ явж чадах байх гэсэн уйтгартай бодол хааяа төрдөг, харин түүнээс урьтаж хүссэнээрээ явахыг бодож бэлтгэдэг.

Ингээд л энэ жилийн их явалтын эхлэл энэ авиралт маань болсон доо. 3-р сарын 7нд “Асралт хайрхан”-руугаа яваад аз жаргал, урам зориг дүүрэн ирсэн надад 5-р сард “Цамбагарав хайрхан”-аа бүтэн тойрох боломж олдож, явж ирээд Соёны нурууны ноён оргил “Мөнхсарьдаг” хайрханд бэлтгэлгүй ажлын ачаалал ихтэй байсан ч адал явдал хайн авиралтын багт нэгдэж, авиралт амжилттай болж, ирээд “Их богд хайрхан” явах боломж бүрдэж, хүрч ирээд, хүүхэд байхаасаа хүсч, хүчээ сорьж үзэхийг хүсдэг байсан холын алхалтаа хийж “Хагийн хар нуур”-луугаа хүнд цүнхээ үүрээд 80 гаруй км алхаж (хоёр талдаа нийлээд J) очих арай л экстрим аялалд гарч, эндээс ирээд энэ жилийн хамгийн том авиралтын зорилго “Алтай таван богд” “Хүйтэн” оргилоо зорьж, цаг агаарын хүнд нөхцөлд буцах шалтгаан хангалттай байсан ч бидний багийн авиралт амжилттай болж /Багийнхныхаа урам зоригийг бодож буцаагаагүйд, бас үнэхээр сайн удирдаж явсан ахлагчдаа баярлалаа/ бас авирахгүй ч алсаас барааг нь харахад бахдам сүрлэг Бурхан буудай хайрханаа харж баяссанаар дэндүүдээ гэмээр энэ жилийн тансаглал минь өндөрлөж байх шиг байна. Бас анхны “Асралт хайрхан”-ы бүтэлгүй авиралтаас эхлээд “Бага богд” хайрханаа бодож хүсэж тэмүүлсэн хүн хүслээ биелүүлнэ ээ л гэчихсэн байгаа.

Ингээд дэлгэрэнгүй бичсэн нь өөрийнхөө өчүүхэн жаахан тансаглалыг дөвийлгөх гэсэн дээ бус өөрийгөө дайчилж, зориглоод эхлүүлж, эргэлзэлгүйгээр хэрэгжүүлснээр өөрийнхөө бодсоноос илүү бие болоод сэтгэлийн хүчтэй гэдгээ мэдэрсэн минь маш том ололт байлаа. Одоо энэ хүчийг илүү хэрэгтэй зүйлд ашиглах болно оо. Уулын авиралт, аялал, ургамлын судалгаа шинжилгээ гээд хорин хэдэн насандаа 21 аймаг, 200 дөхөх сум, хамгийн гоё нь хүсч мөрөөдөж байсан Алтай, Хэнтий, Соёны нурууны ноён оргилд амжилттай гарч, өндөр дээд тэргүүнээс нь өнөөх тансаг байгалийг харж, баярлаж бахдан, омогшин зогсож чадлаа. Аялал, авиралтын хажуугаар ажилаа цалгардуулалгүй сайн хийлээ.

За энэ бол жинхэнэ жаргаж үхэх гэж байсан үеийн зураг аа

Заримдаа оруулсан зурагнууд хэтэрхий гоёмсог, өнгөлөг, жаргалтай харагдах ч түүний цаана өвдөлтөө тэссэн тэвчээр, өөрчлөгдөхийг хүссэн хичээл зүтгэл, хөдөлмөр байдаг байх. Ууланд авирч байхад 3700 метр өндөрт, нурууны өвдөлтийг мэдрээд түүнтэй нүүр тулж, тэмцэлдэх цагт өөрийгөө ялан дийлснээ бодохоор өөр бусад асуудлууд өчүүхэн мэт санагдах. Өлсөж тамирдаж ядарсан ч балга ус, багахан шоколадаар өл даан байгалийн сайхныг харж, баярлахдаа хүчээ сэлбэн өлсөж тамирдсанаа мартсанаа бодохоор бодол сэтгэл бүхнийг удирдахыг ойлгох…

Эцэст нь энэ дурсамжуудаа, авиралтуудаа эргэж нэг харан, эхлэсэн цэгтээ ирээд эргэцүүлэхийг хүслээ…хүрэх зам, очих газар, хүсэл мөрөөдөл хязгааргүй билээ…

Жавар тачигнасан өвлийн дүнд, жаахан байхаас догдолж хүлээдэг шинэ жилийн үеэр ирдэг нь жаахан ч болов өнгөрсний сургамж, өмнө минь хүлээх хүсэл зорилгоо эргэцүүлэн бодох, хүслээ шивнэх үе гэлтэй. Хүн гэдэг байгалийн амьтан шүүдээ…Хүсч байвал эхлүүлээд, зориглоод нэг яваад үзээрэй…АВИРАЛТ, АЯЛАЛ ТАНЬД ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖИЙГ ӨГЧ, АМЬДРАЛЫН БИЕГҮЙ БАГШ БАЙХ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЭД НЭГ ҮЗЭЭРЭЙ :) Амьдрал үргэлжилсээр…

Хэнтийн нурууны ноён оргил, АСРАЛТ хайрхан, дтд 2799
Цамбагарав хайрханыхаа бэлд, мөрөөдөж байсан маршрут
Соёны нурууны ноён оргил, Мөнхсарьдаг хайрхан, дтд 3491
Говь алтайн нурууны оргил, Их богд хайрхан 2-р тэргүүн, д.т.д 3852
Хагын хар нуурын аялал, хүнд цүнхээ үүрээд л, уулсаар алхах, хичнэн гоё гээч
Хүсэн хүлээнсэн ХҮЙТЭН оргил, дтд 4374
Барааг нь харахад л сүрдмээр Бурхан буудайн хайрхан, байгалийн хосгүй гайхамшиг гэж үүнийг л хэлэх байх

Энэ бүхнийг үзэж, танилцаж, энэ хүртэл уншсанд Баярлалаа :)

No responses yet